Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчид амжилттай оролцлоо.
Уралдааны “Бичвэрийн бус бүтээл” ангиллын хоёрдугаар байрт хүмүүжигч Б хатгамал бүтээлээрээ шалгарсан бол хүмүүжигч Д “Монгол эсгий гэр” бүтээлээрээ Ахмад дипломатч Ч.Намчины нэрэмжит шагналыг хүртсэн байна.
Мөн хүмүүжигчдийг дэмжиж, уралдаанд оролцох нөхцөл боломжоор хангасан 407 дугаар нээлттэй, нээлттэй, хаалттай хорих ангийн хамт олон “Хүмүүн бичиг” сониныг үнэ төлбөргүй захиалан унших эрхийн эзэн болжээ.
Үндэсний бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэх, шилдэг сайхан монгол бичигтнүүдийг тодруулж нийтэд алдаршуулах, тэдний бичлэгийн дадал туршлага, авьяас чадварыг олонд таниулан сурталчлах зорилгоор 27 дахь жилдээ зохион байгуулсан энэхүү уралдаанд Монгол, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Япон, Бүгд Найрамдах Чех Улсын нийт 1600 орчим иргэн бүтээлээ ирүүлсэн байна.
Тус уралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн эмэгтэй хүмүүжигчид анх удаа оролцсоноороо онцлог болсныг зохион байгуулагчид онцоллоо.