Олон улсын ахмадын өдрийг угтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Ахмадын нэгдсэн хорооны үйл ажиллагааны талаар тус хорооны дарга, бэлтгэл хурандаа Г.Ганболдтой ярилцлаа. Уг хороо нь 1982 оноос эхлэн байгууллагадаа өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл зүтгэлээ зориулан ажилласан ахмад настнууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа юм.
40 гаруй жилийн түүхтэй Ахмадын хороо өнөөдөр ямар бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Ахмадын нэгдсэн хороо нь өнөөдрийн байдлаар 56 салбар зөвлөлийн 1760 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Ахмадын нэгдсэн хороо нь салбар зөвлөлөө нэгдсэн удирдлагаар хангаж, ахмад настнууд руу чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүн бүрд хүрч ажиллах бодлого баримтлан ажилладаг. Ингэхдээ байгууллагынхаа ахмад настнуудын нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлд түлхүү анхаарал хандуулж байна.
Энэ хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монгол хурандаа нийгэмлэгтэй хамтран ахмад настнуудынхаа амьдрал ахуйд болон эмчилгээний зардалд тусламж, дэмжлэг үзүүлэх, шагнал урамшуулалд тодорхойлох чиглэлээр ажиллаж байна.
Та Ахмадын нэгдсэн хорооны даргын ажлыг хүлээж аваад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн онцлог ажлуудаас дурдвал?
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд Ахмадын хорооны ажилд байнгын дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилладагт талархаж явдаг.
Өнгөрсөн онд гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны “Ахмадуудын сан байгуулах тухай” тушаалын хүрээнд 2022 оны 03 дугаар сараас ахмадын хорооны салбар зөвлөлийн дарга нарыг цалинтай болгож, цалингийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоосон. Энэ нь эргээд ахмад настнуудад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд томоохон түлхэц боллоо.
Нөгөө талдаа хүнс болон мөнгөн тусламж шаардлагатай байгаа ахмад настнуудад тэтгэмж, дэмжлэг үзүүлдэг. Энэ ажилд байгууллагын удирдлагуудын зүгээс нээлттэй хандаж, дэмжин ажилласаар байна.
Үүнээс гадна ахмад настнуудыг шагнаж урамшуулах ажлыг дурдахгүй байж болохгүй. Тухайн ахмад настнууд төрийн дээд одон медаль, байгууллагынхаа шагналыг хүртээд намайг байгууллага маань “мартаагүй” юм байна гэж бодож, урам зориг, эерэг энергиэр цэнэглэгдэж байдаг.
Цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс болон Ахмадын хорооноос ахмад настнуудад чиглэсэн ямар ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?
Амьдралын бололцоо сайтай нэг нь байхад боломжгүй хүн ч бас бий. Тиймээс тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг тодруулахын тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд болон Ахмадын хорооноос ахмад настнуудтай биечлэн уулзаж, ахуй амьдралтай нь танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг нь шат дараатай шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулж байгаа. Хамгийн гол нь ахмад настнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, олон нийтийн арга хэмжээнд түлхүү хамруулж байгаа нь талархууштай.
Тухайлбал, энэ жил анх удаа Ахмадын зөвлөлийн дарга нарын уулзалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд оролцож, ахмад настнуудынхаа санал хүсэлтийг сонсож, идэвх оролцоонд нь түшиглэн ахмад настны хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр бодлого хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ арга хэмжээг ахмад настнуудын зүгээс оновчтой, зөв шийдэл бүхий чухал зөвлөгөөн болсон гэж харж байна.
Мөн ахмад настнуудаа нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах ажлыг эрчимжүүлсэн. Монгол цэргийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан Цэргийн андууд арга хэмжээнд 15 ахмад настан оролцлоо. Цэрэг хувцастайгаа хуучны танил нөхөдтэйгөө хөөрөлдөж, дурсамжаа уудлан ярилцах нь сайхан шүү дээ. Үүнээс гадна 90 ахмад настныг гурван ээлжээр ОХУ-ын Буриад улс руу аялалд явуулсан.
Ахмад настнуудын дунд нийтийн биеийн тамир, спортыг дэлгэрүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор спортын тэмцээнийг энэ сард амжилттай зохион байгуулсныг дурдах нь зүйтэй болов уу.
Ахмад настнуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хийгдэж буй ямар ажлууд байна вэ?
Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах бодлогын үйл ажиллагааг тогтмолжуулан, эрүүл аж төрөх дадлыг хэвшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн.
Энэ хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй гэрээ байгуулан ахмад настнуудад гуравдугаар шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж, Ахмадын хорооны үйл ажиллагааг дэмжиж байна.
Ахмад настнуудад тулгамдаж байгаа ямар асуудлууд байна. Хэрхэн шийдвэрлэх боломжтой гэж харж байна вэ?
Ахмад настнуудын зүгээс орон байрны гачигдал, төрийн одон медальд тодорхойлуулах, мөнгөн тусламжийн асуудлыг голчлон ярьдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлээр байгууллагын удирдлагуудад санал хүсэлтийг тухай бүрд нь хүргүүлж байна. Ингэснээр зарим асуудлыг шуурхай шийдвэрлүүлж, тусламж дэмжлэг шаардлагатай ахмад настнуудаа хүрч ажиллах боломж бүрдэж байгаа.
Ахмад настнуудынхаа мэдлэг, туршлагыг залуучуудад өвлүүлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?
Өнгөрсөн жил зарим ахмад ажилтнуудын “Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэх “Бидний бахархал” хүндэтгэлийн арга хэмжээг 417 дугаар нээлттэй хорих ангид ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан ахмад ажилтнуудын хүүхдүүд зохион байгуулсан. Энэ үеэр ахмад настнууд байгууллагын үйл ажиллагааны онцлог, ажлын арга барил, туршлагаасаа хуваалцаж, хүндрэл бэрхшээл, бахархалтай сайхан үеийнхээ талаар дурсамж яриа өрнүүлэн, алба хаагчидтай санал бодлоо солилцсон юм.
Энэхүү үйл ажиллагаа ахмад настнууд төдийгүй залуу үеийн алба хаагчдад үр өгөөжөө өгсөн, сэтгэлд хүрсэн арга хэмжээ болсон учраас бусад хорих анги, нэгжүүдийг хот, хөдөө гэж бүсчлээд ахмад, дунд үе, залуу үеийг хамруулсан 3 үеийнхний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.