ЭНХИЙГ САХИУЛАГЧ ЭМЧ “ХУРАНДАА”

Хөдөлмөрийн үр шимээр хувь хүн, гэр бүл, улс орон хөгждөг бол амжилт, аз жаргал өөрөө ирэхийг хүлээгээд суувал хэзээ ч бүтэхгүй нь лавтай. Тиймээс ч тууштай хөдөлмөрлөж, үүнийхээ үр шимийг нь хүртэж яваа нэгэн эрхэмтэй уншигч таныг танилцуулъя.

Түүнийг Ч.Лхамсүрэн гэдэг. Өдгөө 54 насны босгыг давж яваа энэ эрхэм амьдралынхаа тэн хагасыг нийгмээс тусгаарлагдаж, төрийн цээрлэл хүртэж яваа “хүн”-ий эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд зориулсан нэгэн. Тэрбээр 1995 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хуучнаар Хорих нэгдсэн эмнэлэг, одоогийн 401 дүгээр хаалттай анги-Нэгдсэн эмнэлгийн дотрын эмчээр томилогдож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өнөр бүлд гишүүн болсноос хойш 28 дахь жилтэйгээ золгож байна. 

Нийслэл хот 1969 он. Чүлтэм гуайнх тав дахь үрээ өлгийдөн авсан нь Лхамсүрэн байв. Тэрбээр ээжийнхээ зөөлөн, намуухан ааль, аавынхаа шулуун, шударга занг өвлөсөн, дуу цөөтэй, даруухан хүүхэд байж. Түүнийг дүү нар нь “амаа” гэж авгайлна. Амаа багын л хичээлдээ дуртай, аливаад идэвх санаачилгатай, тууштай хүүхэд байв.Түүнийг долдугаар ангид ордог жил аав нь түүнийг эмч болгох хүсэлтэй байгаагаа хэлжээ.

Ч.Лхамсүрэн: “Аав надад “Хүү минь эмч болно шүү” гэж захиснаас хойш хими, биологи, физикийн сонгоноор хичээллэсэн. 1987 онд 24 дүгээр сургуулийг төгсөөд Анагаахын дээд сургуульд конкурс өгсөн ч тэнцээгүй. Ингээд сувилагчийн сургуульд элсэж, 1989 онд улаан диплом өвөртлөн Анагаахын дээд сургуульд урилгаар орж, өөрийн болон аавынхаа эмч болох хүслийг биелүүлсэн. 1995 онд АУИС-ийг төгсөн одоогийн 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэгт хуваарилагдаж, дэслэгч цол хүртсэн. Анх ганц худагт очиход төмөр хаалганы чихарсан чимээг сонсоод өөрийн эрхгүй зогтусч, хорих байгууллагын орчинтой танилцаж байлаа” хэмээв. 

Тэрбээр томилогдсоноосоо хойш буюу 1995 оны 12 дугаар сард дотрын тасгийн эрхлэгч болж, ахлах дэслэгч цол хүртэв. Харин энэ үеэр Дарь-Эхийн аман дахь эмнэлэг нь Зайсан толгойн урд хэсэгт нүүж очсоноор “жинхэнэ” эмнэлгийн орчин бүхий ажлын байртай болжээ. Үүнээс хойш жилийн дараа эмнэлгийнхээ ерөнхий эмч болсноор ахмад цолыг алгасан хошууч болов.

Тухайн үед улс орны эдийн засгийн байдал хүнд, иргэдийн дунд нийгмийн гэх тодотголтой сүрьеэгийн өвчлөл их байлаа. Энэ хэцүү нөхцөл байдалтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид нүүр тулж, хорих ангиудад өвчлөл, нас баралт буурахгүй байв. Ч.Лхамсүрэнг ажилд ороход хоригдлуудын нас баралт жилд тус эмнэлэгт дунджаар 160 орчим байж. Тиймээс тухайн үеийн удирдлагууд болох Л.Гарамжил генерал, Л.Санжаасүрэн хурандаа, Д.Даваа-Очир хурандаа нарын зүгээс хоригдлуудын нас баралтыг бууруулах, өвчлөлийн шалтгааныг олох үүрэг өгч, судалгааны явцад нас баралтын шалтгаан нь сүрьеэ, тураал байсан нь тодорхойболов.

Ч.Лхамсүрэн: “Сүрьеэгийн гэдгээрээ олонд танигдсан Цогт багштай уулзаж, учир явдлаа хэлэхэд “Танай байгууллага дээр сүрьеэгийн хөтөлбөр хэрэгжүүлье” гэлээ. Ингээд ШШГБ-д анх удаа “Сүрьеэгийн бага хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх эхлэл тавигдсан. Тухайн үеийн бүх ангиар явж, 3500 хоригдлыг шинжилгээнд хамруулахад халдвартай сүрьеэтэй 157, сүрьеэгийн сэжигтэй 800 гаруй тохиолдол илэрсэн. Энэ үзлэгийн дүнг ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, нэгдүгээрт халдваргүй хэлбэрийн сүрьеэтэй хоригдлуудыг дэглэмээр нь ялган эмчлэх, хоёрдугаарт халдвартай сүрьеэтэй хоригдлуудыг дэглэм хамаарахгүй нэгдсэн эмнэлэгтээ эмчлэх санал гаргаж, жирийн дэглэмтэй хоригдлуудыг Хонхорын хэсэгт, чанга дэглэмтэй хоригдлуудыг Багануурын хорих ангид хэсэг байгуулан эмчлэх, халдвартай сүрьеэтэйг нь Нэгдсэн эмнэлэгтээ эмчил гэсэн шийдвэр гарч, сүрьеэгийн хэсгийг шинээр байгуулсан. Үр дүнд нь нас баралт 1997 онд 157 байсан бол 1998 онд 40 гаруй болж буурсан” гэв.  

Улсын хэмжээнд сүрьеэтэй хоригдлуудыг тусгаарлан эмчилдэг хорих ангийг 1972 онд байгуулж, 1994 онд татан буулган анги ангид нь тараасан түүхтэй. Энэ нь хорих ангиудад сүрьеэгийн өвчин тархах эхлэл болсон юм. Гэтэл халдварт өвчний тархалтыг барихын тулд нэгтгэн тусгаарлаж, эмчлэх шаардлагатай. Тийм ч учраас Лхамсүрэнгийн гаргасан саналыг удирдлагууд нь дэмжиж, 2001 онд дээрх хэсгүүдийг үндэслэн тухай үед сүрьеэгийн 429 дүгээр хорих анги нэртэйгээр байгуулагдаж, одоогийн 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулагдсан түүхтэй.

Ч.Лхамсүрэн: “Тухайн үед өвчтөнүүдийг эмчлэхдээ ангиудад эмчилгээний хэсэг байгуулах, тусгай хооллолттой болгох нь зүйтэй гэж үзээд тураалд орсон хоригдлуудыг эмчилгээний зорилгоор спиртийн уусмал судсаар тарих, улаан буудайн сиропыг хяналтын дор оройд нэг удаа уулгах, нохойн махтай хоол идүүлэх эмчилгээг хэрэглэх зөвшөөрөл хүсч, “Эм био бэлдмэлийн эмчилгээний чанарын хяналтын алба”-нд хүсэлт тавихад “Хоригдол дээр туршилт хийхийг зөвшөөрөхгүй” гэсэн албан бичиг ирсэн. Энэ тухай Гарамжил генералд танилцуулахад “Уламжлалт эмчилгээний аргыг ашиглаж болно. Энэ тушаалыг гаргана. Хариуцлагыг нь би хүлээнэ” гэлээ. Ингээд сүрьеэтэй хоригдлуудад эмчилгээ хийж эхэлсэн нь өвчлөл, нас баралтыг илт бууруулж чадсан” гэлээ.

Эмч хүний бамбай нь цагаан халаад, мохошгүй илд нь мэдлэг, мэргэжил нь болов уу. Тэрбээр эцгийнхээ хүслийг биелүүлж, эмч болсны зэрэгцээ хос тангарагтан, цэнхэр дуулгатан гэх алдрын эзэн аж.

Ч.Лхамсүрэн: “Би эмч, хурандаа болсноороо бахархаж явдаг. Нэгэн цэргийн эмч хэлэхдээ “Хүн болгон баатар болдоггүй, хүссэн болгон хурандаа болдоггүй” гэж хэлсэн байдаг. Энэ үг огшоох, мэргэжлээрээ бахархах хөшүүрэг болдог юм. Үүнээс гадна хань ижил, үр хүүхэд, хамт олон, байгууллагаараа бахархаж, бардамнах сэтгэл байнга төрдөг” гэлээ.

2010 оны 5 сарын нэгэн үдэш “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр “Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэлт эмч байвал Зэвсэгт хүчний жанжин штабын эмнэлгийн хэлтэст хандаарай” гэсэн Даваадорж эмчийн яриа түүнийг “Энхийг сахиулагч” болох эхлэлийг тавьжээ. Тус ажиллагаанд 35-аас доош насныхан явах ёстой ч тухайн үед 40 настай байсан Лхамсүрэнгийн мэдлэг, ур чадвар, байгууллагын дэмжлэг ажиллагаанд явахад нь томоохон түлхэц болсон аж.

Ч.Лхамсүрэн: “Жанжин штаб дээр очоод уулзтал миний материалыг судлаад чамайг авлаа. Танай байгууллагаас бичиг хэрэгтэй гэлээ. Ерөнхий газар дээр ирээд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Х.Пүрэвсүрэнтэй уулзаж, “Дэд хурандаа Ч.Лхамсүрэнг энхийг дэмжих ажиллагаанд явуулахад татгалзах зүйлгүй” гэсэн бичгээ авч очоод маргааш нь эрүүл мэндийн үзлэгт орсон. Харин нөгөөдөр өглөө нь ажлаа хүлээлгэж өгөөд таван толгой дахь бэлтгэлд гарлаа. Ингээд Чад улс руу явах цэргийн багийн бүрэлдэхүүний эмнэлгийн бүлгийн даргаар томилогдсон. Тухайн үед Монгол Улс хамгийн олон цэргээ буюу нэг удаад 260 цэргийн алба хаагчаа илгээж байлаа. Тэдний эрүүл мэндийг хариуцах хүндтэй, хариуцлагатай үүрэг ногдсон юм. Ажиллагааны газар оронд буухад 55 хэмийн халуун амьсгалахад ч бэрх орчин угтлаа. Нүдний хар шилгүй бол нүдээ нээхийн эцэсгүй, хурц нартай байсныг одоо ч тод санаж байна. Газардахаасаа өмнө ийм халуун газар байдаг гэж огт төсөөлөөгүй. Түүнээс хойш ажиллагааны газар орныхоо цаг уур, цагийн байдалтай дасан зохицож ажиллах болсон. Африк тивд ажиллах хугацаандаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө нь хязгаарлагдмал, улс орных нь хөгжил дорой байгааг хараад харамсах, өрөвдөх сэтгэгдэл төрж, ямар их тавилангаар Монгол эх орондоо төрсөн юм бэ гэж бодож байлаа. Цагийн байдал үе, үе хүндэрч босогчид өөр хоорондоо дайтаж, зарим нэг тоосгон суурин дээрэмдэн тонож, хүний амь нас хохироосон, шархдуулсан гэх тагнуулын мэдээг сонсоход сэтгэл түгшинэ. Гэсэн хэдий ч үүрэг гүйцэтгэх хугацаандаа болгоомжлол, сонор сэрэмжээ алдалгүй, сахилга баттай байсан, чадварлаг захирагч дарга нарын хүчинд бид осол эндэлгүй үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн.

Ажиллагааны явцад нэг цэрэг сүрьеэгийн хүнд хэлбэрээр өвдөхөд “Жанжин штаб”-аас эмчилж чадах эсэхийг асуусан. Би монголоос шаардлагатай эм тариа захиж, тэр цэргийг эмчилснийг үнэлж, “Таныг дараагийн ээлжид эмнэлгийн бүлэг ахлуулна. Ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эмч, сувилагч нарын бүрэн бүрэлдэхүүн авч явна” гэсэн шийдвэр гаргаж, “Цэргийн хүндэт” медалиар шагнасан. 2012 онд 850 цэргийн бүрэлдэхүүнтэй батальоны эмнэлгийн бүлгийг дэд хурандаа Ч.Лхамсүрэнгээр ахлуулан дөрвөн эмч, дөрвөн сувилагчийн бүрэлдэхүүнтэй явуулах хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэр дээр хаяглан ирүүлсэн. Ингээд Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд нэг цэргийн биеийн байдал хүндэрч, Монгол Улс руу татан гаргалт хийхдээ эрсдэлгүй, амь насыг нь аварсаныг “Жанжин штаб”-аас сайшааж, дахин эмнэлгийн бүлэг ахлах эрх өгсөн. 2014 онд би гурав дахь удаагаа энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, албаа нэр төртэйгөөр хашсан учир “Цэргийн гавьяаны тугийн одон”-гоор, 2017 онд Цэргийн багуудын шилдэг эмнэлгийн бүлгийн даргаар шалгарсан тул “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнагдаж байлаа” хэмээн дурслаа.

Даян дэлхийн энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас давхардсан тоогоор 162 алба хаагч үүрэг гүйцэтгээд байна. Хүн бүрт энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хувь тохиохгүй. Тэр тусмаа гурван удаа ажиллагаанд үүрэг гүйцэтгэх аавын хүү тун цөөн. Тэрбээр “Ажиллагааны газар орноос онгоцонд суугаад хөөрөхөд эсэн мэнд л гэртээ харих юмсан гэсэн бодол төрсөн. Учир нь бид агаарт явж байгаа, ажиллагаа бүрэн дуусаагүй шүү дээ. Монгол Улсын хил давах, газардах мөчид л эсэн мэнд эх орондоо эргэж ирлээ гэж огшиж, баярлана. Анхны ажиллагаанаас ирэхдээ цээж дүүрэн амьсгал авч, нулимс бүрхсэн нүдээр гэрийнхнийгээ харж, хүүгээ тэвэрч авах мөчийн мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Эмч хүний хувьд оюутан байхдаа хичээл дээрээ судалсан ч манай улсад гарах боломжгүй, халуун орны малери өвчнийг эмчилж үзсэн. Тиймээс дараа, дараагийн ажиллагаанд явах эмч нарт туршлага болгож, эмчилгээний арга зүйг заах боломжтой болсон” гэв.

Тэрбээр 2010 онд Чадын хоёрдугаар ээлжид явахдаа анх удаагаа эргүүлийн цуваанд гарсан түүхээ ийнхүү хуваалцлаа. “Чадын томоохон хот Ириба болон Абечи хотын хооронд цэргийн багаас анхны эргүүлийн цуваанд долоо хоногийн хугацаатай, таван машинтай, 25 цэрэг явахад анх удаа эргүүлд гарсан. Бидний хажуугаар босогчид эсвэл Засгийн газрын цэргүүд аль нь болох нь мэдэгдэхгүй, буу зэвсэг, гратимонт агсаж, нүүрээ хаасан хүмүүс муухай орилж, хашгирахад жихүүдэс хүрч байлаа. Гэхдээ дараа, дараагийн эргүүлийн цувааны хамгаалалтад явахад бага зэрэг дасаж, айдас мөн адил бүдгэрсэн. Майхны гадаа хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд ирж, хоол гуйна. Орой болохоор согтуу цэргүүд ирээд буу барьж орилох нь түгшүүртэй. Ер нь ажиллагааны газар орны хүн ард нь туйлын ядуу, амьд явах баталгаа байхгүйн дээр хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх маш ихээр зөрчигддөг. Тийм ч учраас Монгол Улсын иргэн болж, уудам, сайхан тал шигээ амгалан, тайван эх оронд төрсөн азтай хүмүүс гэдгээрээ омогшиж, бахархах сэтгэгдэл төрдөг” гэсэн юм.

Лхамаа хурандаа түүх, улс төрийн тухай ном унших, басхүү ном туурвих дуртай аж. Сүүлийн гурван жилд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмнэлгийн албадын түүх”, “Эрүүл мэндийн алба байгуулагдсаны 100 жилийн ойн ном”-онд байгууллагынхаа харьяа эмнэлгүүдийн түүхийг бодитоор нь бичиж оруулжээ. Одоо “Эмч хурандаа” гэх шинэхэн бүтээлдээ ханцуй шамлан орсон байна. Түүний хувьд аавынхаа чин хүсэл, мөрөөдлийг биелүүлж, 2014 онд хурандаа цол хүртсэнээр Монгол Улсын 55 дахь эмч, хурандаа болсон түүхтэй юм.

Ажил үйлсийн замнал:

-1995 онд Хорихын нэгдсэн эмнэлгийн дотрын эмч, 1995-1996 онд дотрын тасгийн эрхлэгч, 1996-1999 онд ерөнхий эмч,

-1999-2003 онд Зүүн хараагийн хорих ангид эмч,

-2003-2005 онд Цагдан хорих 461 дүгээр ангийн ерөнхий эмч,

-2005-2007 онд Мааньт дахь архины эмчилгээний ерөнхий эмч,

-2007-2015 онд өөрийн хүсэлтээр 401 дүгээр ангийн дотрын тасгийн эрхлэгч,

-2015-2020 онд Цагдан хорих 461 дүгээр ангийн халдвартын тасгийн эрхлэгч,

-2020-2022 онд Баривчлах байрны эмч,

-2022 оны 02 сард ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны Эмнэлгийн мэргэжлийн удирдлагын хэлтсийн даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Хорих 401 дүгээр анги-Хорихын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байхдаа Хонхорын сүрьеэгийн эмнэлгийн хэсгийн эмчийн албыг хавсарч хашсан учир тэрбээр ШШГБ-ын дөрвөн эмнэлгийн ерөнхий эмчээр ажилласан туршлагатай нэгэн юм. Түүнчлэн даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үйл хэрэгт Монгол Улсаа төлөөлөн гурван удаа үүрэг гүйцэтгэсэн баялаг түүхийн эзэн таниар бахархахгүй байхын аргагүй билээ.

Add comment

reload, if the code cannot be seen