Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг “Алба хаагчийн ажлын нэг өдөр” фото сурвалжлагын энэ удаагийн цувралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги- Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч, ахлах дэслэгч Б.Мөнхжаргалыг онцолж байна.
Түүний хувьд 1996 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн бөгөөд 20 гаруй жил эмчээр ажиллаж байгаа аж. Ойролцоогоор 4000 гаруй хүнд хагалгаа хийсэн тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2018 оноос хойш ажиллаж байгаа билээ.
Энэ удаагийн сурвалжлагаа “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан бэлтгэлээ.
Ахлах дэслэгч Б.Мөнхжаргалын хувьд эмчийн болон цэргийн хос тангарагтай. Олон зуун хүний амь насыг аврахад хүч чадал, ажил амьдралаа зориулж байгаа нэгэн. Цэргийн байгууллагад ажилд орсноосоо хойш алхаж гишгэх, илтгэхээс эхлээд эмх цэгц, ажлыг хугацаанд нь амжуулах хариуцлага, дэг журмыг ягштал сурсан гэнэ.
Бага залуу насандаа эрдэм номын мөр хөөж, эр цэргийн албанд яваагүй ч өдий насандаа цэргийн эрдэмд суралцахын хажуугаар залуучуудын дунд шаггүй шооч нэгэн болжээ. Үе үе инээвхийлэн, ажил албаараа бахархан ярих түүний ажлын нэг өдөр өглөө мэдээ авахаас эхлүүлдэг.
“Мэсийнхэн” хэмээн овоглуулах тэд есүүлээ. Өрөөндөө цуглан өнөөдрийн байдлаар хүнд, хөнгөн, анхаарал шаардлагатай байгаа өвчтөний биеийн бүхий л зовиур шаналгаа юутай хээтэй нь мэдээлэл солилцоно.
Үүний дараа Мэс заслын тасгийн эрхлэгч, ахлах дэслэгч Б.Мөнхжаргал 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, хурандаа Я.Оюунчимэгт нөхцөл байдлын мэдээгээ илтгэдэг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих ангиудад ял эдэлж буй хоригдлууд энд хэвтэн эмчлүүлдэг. Нэгдсэн эмнэлгийн ачаалал их. Хажуугаар нь бичиг цаасны ажил мундахгүй гэнэ. Жилд 40-50 удаагийн хагалгаа хийдэг мэсийн тасгийнхан мэргэжил дээшлүүлэх курст боломж бололцоогоороо суралцдаг юм билээ. Олон залуухан эмч нарыг заан чиглүүлж, ажилд сургахын хажуугаар алба хаагчидтайгаа тун эвсэг байгаа нь мэсийн тасгийн эрхлэгчийн нэг онцлог.
Бид тасгийн үзлэгт гарав. Сүүлийн үед хоригдлуудын дунд бөөрний чулуу ихсэх өвчин ихэсчээ. Эдний тасгийнхан гэмтэл, эрүү нүүр, хавдар, тархи, бөөрний гээд олон төрлийн хагалгааг хийдэг. Үүнээс хамгийн түгээмэл хийгддэг хагалгаа нь бөөрний чулуу түүх болон бөөрний уйланхай, усжилт, цөсний хагалгаа зонхилдог аж.
Үзлэгийн дараа Мэс заслын тасгийн эрхлэгч, ахлах дэслэгч Б.Мөнхжаргал эмч сувилагчдад мэдээлэл хийв.
Өнөөдөр мэсийнхэн төлөвлөгөөт хагалгаатай. 50 эргэм насны 8 жил 6 сарын хорих ялтай, хаалттай хорих ангид ял эдэлж буй, хоригдол Х цөсний хүүдийгээ авахуулахаар хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мэдээгүйжүүлэлтийн эмч хүүхэд асрах чөлөө авсан тул гэрээтээр өөр нэг эмчийг ажиллуулдаг гэнэ. Ингээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй хагалгааны хэсэгрүү оров.
Эмч, сувилагчид хувцсаа солин хагалгаанд бэлтгэлээ. Цэлгэр том цагаан өрөө... Чив чимээгүй... Өвчтөн хоригдол Х-г унтуулгатай хагалгаанд оруулах аж. Мэдээгүйжүүлэлтийн эмч “Та унтаад л сэрнэ” гэж хэлэхэд Х толгой дохив. Түүнрүү хагалгааны өрөөний том хоёр гэрлийг чиглүүлэн асааж, зохиомол унтлагын аппарат залгав.
Дүд, дүд, дийд гэх чимээ... Мэсийнхэн хоорондоо ярилцана. Цагаан өрөө, нүцгэн эр, цэнхэр даавуу. Цээжин дээрээ томоо эрээн шивээстэй Х төд удалгүй унтах шиг болов. 90, 100, 117, 120, 140, 150, 160, 170, 180 гээд сувилагчийг тоо хэлэх зуур зүрх түгшив. Х аль хэдийнэ унтжээ. Ингээд тэд түүний цөсний хүүдийг авахаар төмөр тэрэгтэй багажаа зөөн, хоригдлын урдуур ногоон даавуу татлаа. Зүрх орчмоо жигтэйхэн гүн сорвитой тул сонирхон асуувал эмч “Хутганы гүн сорви байна” гэв.
Мэс заслын тасгийн эрхлэгч, ахлах дэслэгч Б.Мөнхжаргал хэдийгээр бусдад гэм хор учруулж, байж боломгүй муу муухай үйлдэл гаргасан ч гэлээ бид төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангарагласан. Энэ бол бидний ажил, бас амьдрал, амьд яваагийн гол утга учир юм хэмээн хэлсэн.
Энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ихэнх хоригдол ял эдлэхээсээ өмнө өөрийгөө ямар нэгэн өвчтэй гэдгээ оношлуулсан хэдий ч эмчилгээ, үйлчилгээ авалгүй өвчнөө сэдрээж, хүндрүүлсэн тохиолдол олон байдаг гэнэ. Зарим нь хорих ангид ирээд оношлуулж, эмчилгээ хийлгэж байгаа нь ч бий. Юутай ч эрхээ хасуулсан эдгээр хоригдлын амьд байх, амьдрах, эрүүл мэндийн үйлчилгээ авах гээд жам ёсных нь эрхийг хангахаар цаг наргүй ажиллаж буй эмч, сувилагчид энэ байгууллагад олон.
Хагалгаа ойролцоогоор 3 цаг орчим үргэлжлэв. Учир нь хоригдол Х-гийн зүрхний хэм алдагдалтайгаас гадна биеийн байдал нь тийм ч сайнгүй байсан аж. Гэсэн ч алтан гарт, эмч, сувилагчид маань хагалгаагаа амжилттай дуусгаад гарч иржээ.
Биднийг цайлах зуур яаралтайгаар өвчтөн хоригдол ирэв. Халуун кофегоо ууж амжилгүй мэсийнхэн доош гүйлээ. Үзлэг хийсний эцэст онош тодруулахаар 3-р шатлалын эмнэлэгрүү авч явахаар болов.
Өдөржин л нааш цааш үзлэг, оношлогоо хийх, мэдээлэл солилцох, өвчтөн хүлээж авах гээд ахлах дэслэгч Б.Мөнхжаргалтай тухтай ярилцах ч зай гарсангүй. Мэсийн тасгийнхан бүрэлдэхүүнээрээ ерөнхий эмч, хурандаа Я.Оюунчимэгийн өрөөнд цугларлаа.
Ингээд өнөөдрийн ажил дуусч, мэсийнхэн маань хэсэг тайван суув. Энэ зуур эмч нарын баяраа хэрхэн тэмдэглэх талаар асуусан боловч ажлын ачаалалаас шалтгаалан баярын ямар нэг хөтөлбөр төлөвлөгөө гаргаагүй гэнэ. Өнгөрсөн жилүүдэд ч хорио цээрийн дэглэмд байсан учир ямар нэг баяр, тэмдэглэлт өдрүүдийг нам гүмхэн өнгөрөөж байжээ.
Эмчийн ажил цагт баригдаггүй өвөрмөц ажил. Өвчтнийхөө төлөө хэдэн цагаар ч илүү ажиллаж, тэдний амь насны төлөө ээлжийн хуваарьгүй байсан ч эмнэлэг дээр хонох тохиолдол олон бий. Ээлжинд гарсан эмч, сувилагч нар, түргэний дуудлагад явж буй жолооч, эмч, харуул хамгаалалтын ажилчид унтахгүйгээр ажиллаж л байдаг. Цурам хийлгүй 24 цаг ажиллана гэдэг зарим хүний санаанд ч орохгүй байх. Гэсэн ч тэд ажилласаар л байна.