СУРАГЧДАД ҮНДЭСНИЙ БӨХИЙН СПОРТЫГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Улс тунхагласны өдрийг тохиолдуулан үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооноос Хан-Уул дүүргийн “Солонго эс эф” бүрэн дунд сургуулийн 230 гаруй сурагчид Монгол Үндэсний бөхийн үүсэл, хөгжил, түүх, үндэсний бөхийн өмсгөл, бэлгэ тэмдэг, цол, эрэмбийн талаар ойлголт, мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.Тус үйл ажиллагаанд “Сүлд” биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч, хошууч Ж.Чулуунбат, Улсын харцага, хошууч Т.Баасанхүү, Улсын начин, ахлах дэслэгч Ч.Батчулуун, Улсын начин, дэслэгч Т.Дүгэрдорж, Улсын начин, дэслэгч Б.Түвшинтөгс нарын 10 тамирчин оролцож, сурагчдад барилдааны арга, мэхийг үзүүлж, сонирхууллаа.
Мөн энэ үеэр “Үндэсний бөхийн дэвээ, шавааг хэн сайн үзүүлэх вэ?” уралдааныг зохион байгуулж, “Уран гараат сурагч”-аар 6б ангийн сурагч М.Тэргэл, “Үндэсний бөхийн талаар хэн сайн мэдэх вэ?” асуулт, хариултын уралдаанд 10а ангийн сурагч Б.Амартүвшин нар тус тус шалгарч, дурсгалын зүйлээр шагнагдлаа.
Энэхүү үйл ажиллагааг “Сүлд” биеийн тамир, спортын хорооны дарга, хурандаа Н.Батсуурийн санаачилгаар 2019 оноос эхлэн 6 дахь удаагаа зохион байгуулж байна.

Add comment

reload, if the code cannot be seen