Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллага, салбар нэгжүүдийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан 100 алба хаагч “Зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээд, хоригдол, баривчлагдсан этгээдэд сургалт явуулах “Сургагч багш” бэлтгэх сургалт”-д хамрагдаж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран 2023 оны 9 дүгээр сарын 14-15-нд зохион байгуулж байгаа энхүү сургалтаар Алба хаагчид насанд хүрэгчдийн сэтгэл зүйн онцлогт тохирсон сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, заах арга зүйн чиглэлээр мэдлэг, туршлагаа харилцан солилцож байгаа юм. Энэ нь гэмт этгээдэд хууль, эрх зүйн мэдлэг, ойлголт өгч, зан үйлээ өөрчлөхөд нь дэмжлэг үзүүлэх, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ойлгуулах, дахин гэмт хэрэг, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна.
Сургалтын нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Цэнгэлбаяр нар оролцож, үг хэллээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл сургалтын ач холбогдол, үр дүнгийн талаар тайлан гаргаж, оролцогчдын санал хүсэлтийг хүлээн авч, түүнийг шийдвэрлэхийн төлөө ажиллахаа дурдсан юм.
Сургалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн санхүүжилтээр Дотоод Хэргийн Их Сургууль, Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн багш, судлаач нарын боловсруулсан хууль, эрх зүйн болон сэтгэл зүйн сургалтын гарын авлагыг танилцууллаа.
Энэхүү гарын авлагад зан үйлээ засах сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ оногдуулсан хоригдол, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан, хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдүүдийг хамруулах сургалтын цаг, агуулга, төлөвлөгөөг нарийвчлан тусгасан байна.