Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудад тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2023.08.18) эхэллээ.
Тус хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй офицеруудын боловсрол, манлайллын асуудал”, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын итгэл үнэмшил, хүний нөөцөд тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.
Мөн Тусгай хүчний цэргийн командлал, Цагдаагийн ерөнхий газар, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын алба хаагчид илтгэл хэлэлцүүлж, оролцох юм.
Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Монгол цэрэг, эх оронч залуучууд” ГҮТББ-аас зохион байгуулж буй тус эрдэм шинжилгээний хурал нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудад тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, албандаа итгэх итгэл үнэмшил, манлайллын асуудалд дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх арга замыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тулгуурлан тодорхойлох, залуу офицеруудын нэгдмэл оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой юм.