“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр"-ийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчид гамшгийн аюулын дохиогоор ажиллах дадлага, сургуулилтад амжилттай хамрагдлаа.
Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16.00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтыг улс орон даяар зохион байгуулдаг.
Энэ дагуу алба хаагчид гамшгийн нэгдүгээр дохио дуугарахад өрөөнийхөө аюулгүй хэсгийг сонгон байрлаж, “Суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримтлан хоёрдугаар дохио дуугарахад толгойгоо халхлан яарч сандралгүй, нэгийн цуваанд орж, баруун гар талаа барьж, “Гүйхгүй, эргэж буцалгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээр, гадна аюулгүй талбайд цуглалаа.
Мөн үеэр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ж.Мөнгөнсарнай алба хаагчдад газар хөдлөлтийн аюул тулгарсан үед хэрхэн ажиллах талаар заавар, мэдээлэл өглөө.