ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ДЭД ЧУУЛГАНАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” жил болгон зарласан зорилтын хүрээнд ахлагч бүрэлдэхүүний үүрэг оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор “Ахлагч бүрэлдэхүүний дэд чуулган”-ыг өнөөдөр (2024.02.07) зохион байгуулж байна.
Энэхүү дэд чуулганыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа нээж, үг хэлсэн юм. Тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аюулгүй байдлыг ханган, гэмт этгээдийг нийгмээс тусгаарлан хуулийн дагуу ял эдлүүлэх, тэдэнд хууль ёсыг мөрдүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван нийгэмд амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд ахлагч бүрэлдэхүүний оруулж буй хувь нэмэр өндөр гэдгийг онцоллоо.
Мөн ахлагч бүрэлдэхүүний цалингийн зэрэглэл, шатлалыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч, 2023 онд цалинг үе шаттайгаар нэмэгдүүлсэн талаар дурдаад цаашид ахлагчийн манлайллыг хөгжүүлж төлөвшүүлэх, нийгмийн баталгааг бэхжүүлэх, ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээрх ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгуулан ажиллахаа илэрхийлсэн юм.
Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын тэргүүн ахлагч Н.Баасан батлан хамгаалах салбарын ахлагч бүрэлдэхүүний үйл ажиллагаа, тэдэнд чиглэсэн ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг өгсөн юм.
Дэд чуулганд хотын бүсийн анги, байгууллага, салбар, нэгжийн 90 алба хаагч танхимаар, хөдөө орон нутгийн ахлагч бүрэлдэхүүн цахимаар оролцлоо. Энэ үеэр алба хаагчдад тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, боломжийн талаар хэлэлцэж, санал бодлоо солилцсоноос гадна эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан зарим алба хаагчийг шагнаж, урамшууллаа.
“Хүндэт ажилтан тэмдэг”-ээр 405 хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан ахлах ахлагч С.Бямба;
“Албаны төлөө I зэргийн тэмдэг”-ээр Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн харуулын бага дарга, ахлах ахлагч Г.Баянмөнх;
“Салбарын тэргүүний ажилтан тэмдэг”-ээр 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн нярав, ахлах ахлагч Д.Нандинцэцэг, 409 дүгээр хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Туваансүрэн;
“Хүндэт тэмдэг”-ээр 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн сувилагч, ахлах ахлагч Р.Сарангэрэл нар тус тус шагнагдлаа.

Add comment

reload, if the code cannot be seen