ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН СОНГОДОГ ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, БАГИЙН ДҮНГЭЭР 2 БАЙРТ ШАЛГАРЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн”-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тамирчид амжилттай оролцож, багийн дүнгээр 2 байрт шалгарч, цом, өргөмжлөлийн эзэн боллоо.
Спортын төв ордонд 2023 оны 12 дугаар сарын 01-02-нд болсон энэхүү тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээнд тусгайлсан чиг үүрэг бүхий 15 байгууллагын тамирчид насанд хүрэгчид, мастер-1, мастер-2 ангиллын нийт 19 жинд хоёр өдрийн турш өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.
Тэмцээний 3 төрлийн 12 жинд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллага, салбар нэгжүүдээс 18 тамирчин өрсөлдсөн бөгөөд мастер-1 ангиллын +120 кг-ын жинд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Үйлдвэр, аж ахуй барилгын хэлтсийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, ахмад Б.Ариунболд 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медаль, мастер-2 ангиллын -93 кг-ын жинд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 445 дугаар нээлттэй хорих ангийн Аж ахуйн дарга, хурандаа П.Өлзийсайхан 2 хүрэл медаль, нэгдсэн дүнгээр хүрэл медаль хүртсэн юм.
Насанд хүрэгчдийн ангиллын -74 кг-ын жинд Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга бөгөөд Цагдан хорих байрны дарга, хошууч М.Батмөнх хүрэл медаль, -83 кг-ын жинд 421 дүгээр нээлттэй хорих ангийн сувилагч, дэд ахлагч Э.Галбаяр 1 алт, 1 мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медаль, -105 кг-ын жинд Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 425 дугаар нээлттэй хорих ангийн дарга, дэд хурандаа М.Батбаяр 1 мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр хүрэл медаль, -120 кг-ын жинд Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх албадан хөдөлмөр хийлгэх газрын харуул хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Алтансүх 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медаль, +120 кг-ын жинд Сүлд спорт хорооны тамирчин, дэслэгч Э.Ууганбаяр 2 алт, 1 мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр алтан медалийн эзэн боллоо.
Тэмцээний хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баттулга болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Add comment

reload, if the code cannot be seen