“ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ЭМЭГТЭЙ АХЛАГЧ НАРЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ” БОЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” өнөөдөр /2024.03.06/ Төрийн ордонд болж байна.
Энэ жилийг “Ахлагчийн жил” болгон зарлаж, алба хаагчдын албаны эрхзүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх зорилгын хүрээнд олон талт ажлыг төлөвлөн ажиллаж байгаагийн нэг нь энэхүү чуулган юм.
“Ахлагчийн алба-Мэргэшсэн алба” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус чуулга, уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, албаны бусад төлөөлөгчид, эмэгтэй ахлагч нарын төлөөлөл нар оролцлоо.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 500 эмэгтэй ахлагч оролцож буй тус чуулга уулзалтаар ахлагч бүрэлдэхүүн тэр дундаа эмэгтэй ахлагч нарыг дэмжих бодлого, чиглэл, хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар танилцууллаа.
Уулзалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 65 эмэгтэй ахлагч оролцож, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, харилцан санал солилцов.
Мөн чуулганы паналист илтгэгчээр 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Баярмаа оролцож, илтгэл хэлэлцүүллээ.
Энэ үеэр Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг батлан хамгаалах, хууль сахиулах үйлсэд идэвх санаачилга, үр бүтээл гарган ажиллаж буй зарим эмэгтэй ахлагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медаль гардууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн холбоочин, ахлах ахлагч Н.Одонтуяа, Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архив, бичиг хэргийн ажилтан, ахлах ахлагч П.Мөнхчимэг нар “Цэргийн хүндэт медаль хүртсэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх гардуулан өглөө.
Чуулга уулзалтаар эмэгтэй алба хаагчдыг чадавхжуулах, тэдний манлайллыг дэмжих хүрээнд мэргэшүүлэх, мэргэжил олгох сургалтад хамруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, удирдах ажилтны манлайллыг сурталчлах, соёл, ёс суртахуун, албаны нэр хүндийг дээшлүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах зэрэг үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжих хэрэгтэй байна гэж эмэгтэй ахлагч нар үзлээ.

Add comment

reload, if the code cannot be seen