Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн өнөөдөр /2024.01.15/ эхэллээ.
Тус нэгдсэн, сургалт, зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа анги, байгууллага, салбар нэгжийн 90 удирдах ажилтан оролцож байна.
Энэ өдрүүдэд өнгөрсөн оны ажлын ололт амжилтаа дүгнэж, 2024 оны зорилго, зорилтоо тодорхойлох юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг нээж, хэлсэн үгэндээ, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, дээд байгууллагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 2023 оныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд “Алба хаагчийн хөгжлийг дэмжих” жил болгох зорилтыг дэвшүүлэн амжилттай биелүүлэн ажилласныг онцоллоо.
Мөн тэрбээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгон зарласныг танилцууллаа. Энэ хүрээнд орчин үеийн удирдлагын шинэлэг арга барилыг нэвтрүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүйг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх, ахлагчийн нийгмийн хамгааллыг бэхжүүлж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дурдаад, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Зөвлөгөөний эхний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Хүний эрхийн үндэсний комисс, Прокурорын байгууллагын хамтын ажиллагааны талаар холбогдох хамтран ажилладаг байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
Түүнчлэн хорих ял, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цаашдын чиг хандлага, анхаарах асуудал, захиргаа, санхүүгийн үйл ажиллагаа, Хяналт шалгалт, аюулгүй байдлын талаар баримтлах бодлого сэдвээр чиглэл хариуцсан дарга нар тус тус мэдээлэл хийж, харилцан санал солилцов.