Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэй алба хаагчдын хөгжлийг дэмжих зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болорыг урьж, тус газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцуулж, эмэгтэй алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.
Бригадын генерал Г.Болор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын хүрээний анги, байгууллага, салбар, нэгжийн эмэгтэй алба хаагчидтай уулзалт хийж, ажил амьдралын туршлагаа хуваалцан, харилцан ярилцлаа.
Түүнчлэн төрийн цэргийн байгууллагын эмэгтэй алба хаагчдын манлайллыг дэмжих чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран ажиллах боллоо.
Төрийн цэргийн байгууллагад тангараг өргөн ажиллах нь эмэгтэй хүнээс асар их тэсвэр тэвчээр шаарддаг гэдгийг Бригадын генерал Г.Болор онцлоод, тэр дундаа алдаж эндсэн хүмүүсийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд хүчин зүтгэж буй эмэгтэй алба хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэн юм.
Бригадын генерал Г.Болорыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг, 409 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа Б.Батбаяр нар хүлээн авч хорих ангийн нөхцөл байдал, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаа, хүмүүжигчдийг мэргэшүүлэх, ажлын байраар хангах зорилго бүхий тавилга, оёдол, гутлын үйлдвэр, мужаан цехийн үйл ажиллагааг тус тус танилцууллаа.