Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын алба хаагчдын “Спортын 4 төрөлт тэмцээн”-ий нээлтийн ажиллагаа өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар болон Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 13 агентлаг, байгууллагын удирдлагууд оролцлоо.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны газрын дарга П.Хадбаатар, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь агентлаг, байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилготой хэмээн онцолсон юм.
Шилжин явах цом, 57 багц медаль бүхий энэхүү тэмцээн шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр 4 өдрийн турш үргэлжилж байна.
Тодруулбал, шатар болон ширээний теннисний тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд болсон бол 11 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд волейбол, сагсан бөмбөгийн тэмцээн болно.
Тус тэмцээнүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нийт 43 алба хаагч оролцож, хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.
Баг, тамирчдадаа амжилт хүсье.