ШШГЕГ-ЫН ТУСГАЙ БҮЛГИЙН АЛБА ХААГЧИД “ШИНКИОКУШИНКАЙ КАРАТЕ”-ГИЙН УАШТ-НД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын “Шинкиокушинкай карате”-гийн холбооны  “FULL CONTACT KARATE CHAMPIONSHIP 2020” Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж шилдгүүдээ тодрууллаа.  .

Монголын  “Шинкиокушинкай карате”-гийн холбооноос 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулсан  “FULL CONTACT KARATE CHAMPIONSHIP 2020”  Улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 клубын 100 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай бүлгийн ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Тэмүүлэн дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцож медалийн тавцан дээр зогслоо.

Тэмцээний +75 кг-ийн жинд өрсөлдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай бүлгийн, бүлгийн ажилтан, ахлах ахлагч. А.Мөнхөө  хүрэл медалийг энгэртээ гялалзуулсан бол -65 кг-ийн жинд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай бүлгийн ажилтан, дэд ахлагч  Ц.Түвшинзаяа  мөн  хүрэл медаль хүртэж өсөх ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулжээ.

Тус тэмцээнд баг тамирчдаа бэлдэж амжилттай оролцсон дасгалжуулагч Б.Тэмүүлэн нь Монголын “Шинкиокушинкай карате”-гийн холбооны шилдэг тамирчдын нэг төдийгүй улсын аварга гэсэн эрхэм цолыг дөрвөн удаа хүртэж байсан. Дасгалжуулагч Б.Тэмүүлэн нь өөрийн амжилтаас гадна залгамж халаа болсон  тамирчдаа бэлтгэхэд ихээхэн анхаарч амжилтад хүргэж байгааг энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн харууллаа.
Манай улс 2014 онд Дэлхийн Шинкиокушинкай каратэгийн холбооны гишүүнээр элссэн бөгөөд нийслэл болон орон нутгийн 15 салбар клубд 400 гаруй тамирчин хичээллэж байна. Манай улсад уг спорт нь харьцангуй сүүлд дэлгэрсэн боловч Монголд Шинкиокушинкай каратэг түгээн дэлгэрүүлж, түүгээр дамжуулан хүүхэд залуучуудад бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох, олон улс, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдыг бэлтгэхэд анхаарч байгаа гэдгийг тэмцээнийг зохион байгуулагчид онцлож байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button